Mongolian Diaspora Tech Summit сэдвийн дор болох “Монгол орны хөгжилд - 17” чуулганыг зохион байгуулах багийн ахлагч Ч.Даваажамцтай чуулганы онцлог болон бэлтгэл ажлын талаар хөөрөлдлөө.
Уламжлалт “Монгол орны хөгжилд” чуулганы 17 дахь дугаар энэ жил болох гэж байна Чуулганы үүх түүхээс товч танилцуулахгүй юу?
Монгол орны хөгжилд чуулган нь Цахим Өртөө сүлжээний гишүүд, Британи дахь монголчуудын санаачлагаар 2005 онд анх зохион байгуулагдсан, хөгжингүй орнуудад ажиллаж суралцагч Монголчууд, Монголч түмний оюуны хөрөнгө оруулалтыг Монголын хөгжил дэвшилд үр өгөөжтэй нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, батжуулах зорилготой уламжлалт уулзалт юм. Чуулга уулзалт Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн нэгэн ажил болж Хилийн чанад дах Монголчуудын Зөвлөл, Цахим Өртөө Холбоо ТББ, ГХЯам, тухайн жилийн чуулганы сэдэвтэй холбогдох төрийн холбогдох яам, газрууд, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн болон зохион байгуулагдаж хэлбэршин тогтож байна.
Өмнөх 16 удаагийн чуулганд Австрали, АНУ, Белги, БНСУ, БНХАУ, Герман, Голланд, Канад, Их Британи, Ирланд, Монгол, ОХУ, Польш, Португаль, Тайланд, Унгар, Финланд, Франц, Швед, Япон зэрэг улс орнуудад ажиллаж суралцагч 300 гаруй Монголчууд болон Монголыг сонирхогч гадаадын иргэд илтгэлээрээ оролцжээ. Эдгээрийн 70 гаруй хувь нь мэргэжлийн салбартаа докторын, 50 орчим хувь нь магистрын зэрэгтэй байгаа нь чуулганд оролцогчдын оюуны чадамжийг харуулна. Мөн чуулганд оролцогсодын ихэнх нь эх орондоо эргэн очиж өөрсдийн мэргэжлийн салбартаа амжилттай ажиллаж бүтээж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан явааг дуулгахад таатай байна. Өмнөх чуулгануудын талаархи мэдээллийг www.md-forum.org хуудаснаас авч болно.
Чуулган хэзээ хаана болох вэ?
Энэ жилийн чуулганыг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлөөс Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хийж буй “Хилийн чанад дахь монголчуудын Нэгдсэн чуулга уулзалт”-тай айлсуулан эх орондоо зохион байгуулья хэмээн шийдсэн. Зуны дэлгэр цаг болж олон хүмүүс эх орондоо ирсэн байдаг үеийн тааруулан хугацааг сонгосныг дуулгах нь зүйтэй байх.
Чуулган 2022 оны 7 сарын 03-ны өдөр МУИС-н шинэ номын сангийн 5-р давхар дахь Хүндэтгэлийн танхимд болохоор төлөвлөгдөв. Энэ дашрамд 16-р чуулганыг хамтран зохион байгуулалцаж, энэ удаагийн чуулганыг дэмжин ажиллаж буй МУИС-хандаа талархаснаа илэрхийлье.
Та бүхэн байршил болон хуваарийн талаар мэдээллийн www.md-forum.org болон Цахим Өртөө ТББ-н сошиал медиа (https://www.facebook.com/TsahimUrtuuNetwork ) сувгуудаар аваад явах боломжтой. Чуулганд энд дарж бүртгүүлэх боломжтой.
Жил бүрийн чуулган тодорхой нэг сэдвийг сонгон хэлэлцдэг. Энэ удаагийн чуулганы сэдэв онцлог юу байна?
Дэлхий дахинаа тохиосон цар тахал хүн төрөлхтөнд эдийн засгийн удаашрал, хил дамнасан логистикийн хүндрэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалдуулсанаар бидний ой тойнд үлдэн хоцорч байгаагаас гадна технологийн салбарын хөгжлийг яах аргагүй хурдасгасанаар бидэнд давхар дурсагдах нь байна.
Технологийн хурдацтай хөгжил хүний ажиллах, амьдрах, суралцах бүхий л хэв маягт хүчтэй нөлөөлж бизнесийн моделиудыг сүйтгэж байгаа. Хиймэл оюун ухаан, блокчейн болон бусад шинээр хэрэглээнд нэвтэрч байгаа технологиуд улс, үндэстэн бүрт гарааны ижил нөхцлийг өгч, засгийн газар бүр энэ салбарт шинээр үүсэх орлогын хуваарилалтыг аль болох өөр рүүгээ татах, экспортын боломжийг үүсгэх дээр өрсөлдөцгөөж байна. 2020 болон 2021 онуудад технологи руу чиглэсэн венчер хөрөнгө оруулалт дээд хэмжээнд хүрч зах зээлд шинэ дүрмийг тогтоогч юникорн компаниудын тоо 1000 давлаа.
Нөгөө талдаа бизнесийн байгууллагуудад болон төрийн үйлчилгээнд цахим шилжилт ид хийгдэж байгаа. Монгол Улс маань ч гэсэн төрийн бодлогын хүрээнд, бизнесийн хөгжүүлэлтийн түвшинд цахим шилжилтэд тун ач холбогдол өгч Цахим бодлогын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллаж эхэлсэнийг та бүхэн мэдэж байгаа.
Яаж олон улсад өрсөлдөхүйц технологийн экосистемийг бүрдүүлэх вэ, хувийн хэвшил нь ямар оролцоотой байж, төр нь ямар дэмжлэг зохицуулалтыг хийдэг вэ, мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах ёстой вэ, хүний нөөцөө хэрхэн бий болгох вэ зэрэг тулгамдсан асуултад хамгийн сайнаар хариулах ёстой болоод байгаа.
Тэгвэл бусад зах зээл дээр эдгээр асуултыг хариулж яваа, сайн туршлагыг гардан бий болгож, тэргүүлэх компаниудад үр дүнтэй ажиллаж яваа маш олон залуучууд байна.
Цахим Өртөө ТББ-с эдгээр залуучуудад боломжийг нь олгоё, үгийг нь сонсоё, зөвлөгөөг нь бодлого, зохицуулалтын байгууллагуудад хүргүүлье гэсэн зорилгоор энэ жилийн чуулганыг “Mongolian Diaspora Tech Summit” буюу Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн Чуулган сэдвийн дор зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Бэлтгэл ажиллагаа хэр явагдаж байна?
Чуулганыг энэ сэдвээр зохион байгуулах санаа 2022 оны эхэнд болсон цахим өртөөчдийн ээлжид уулзалтаас төрсөн бөгөөд одоогоор чуулганы бэлтгэл ажлыг Ази, Европ, Хойд Америкт тивүүдэд оршин суугаад цахим өртөөчид ханган ажиллаж байна. Мөн бэлтгэл ажилд АНУ-д суугаа технологийн салбарынхан олноороо байдаг TUNA – Tsahim Urtuu North America багийнхан, чуулганыг 17 жилийн тэртээ анхлан үүсгэсэн Британи дахь Монголчуудын Холбооныхон(тэргүүн Д.Цэрэнбат), Европ дахи өндөр технологийн мэрэгжилтнүүдийн бүлэг (Голландаас Доктор Д.Янжиндулам), Герман дахь Монголчууд (уламжлалт чуулганы ложистик ажлыг сүүлийн 5 жил хариуцан ажиллаж буй Б.Энхтүвшин), Дэлхийн Монголчуудын Гүйлтийн Суваг (үүсгэн байгуулагч У,Ганзориг), Монгол Тодотгол (гүйцэтгэх захирал Ууганаа Рамсай), Өмнөговь аймагт байрладаг “Цахим Говь” ТББ-хан (гүйцэтгэх захирал Э.Эрдэнэсувд) зэрэг байгууллагууд идэвхтэй оролцож, дэмжиж байгаад талархаж байгаагаа дашрамд дурдья. Цаашид ч хамтран зохион байгуулах байгууллагууд нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна
Чуулганыг зохион байгуулагчид дотроо ерөнхий зохион байгуулалт, маркетинг хэлэлцэх сэдвүүдээр багууд үүсгэн ажлуудаа хуваан аваад буй. Бэлтгэл ажил болон чуулганыг зохион байгуулахдаа аль болох технологийн давуу талуудыг ашиглан зардал багатай, үр дүн сайтай хийхийг хичээж FB group, slack зэрэг хэлэлцүүлгийн талбарууд ашиглаж байна.
Цагийн ихээхэн зөрүүтэй тив улсуудаас бгийнхан маань ажиллаж буйг харахад яг л үндэстэн дамнасан корпораци дахь багууд хэрхэн ажилладаг, тухайлбал ямар сорилууд тулгардаг (цагийн зөрүү гэх мэт) хэрхэн зохицуулж шийдэлд хүрдэг тэр жишгээр ажиллаж байна.
Энэ удаагийн чуулганы сэдэв нь МУ-н эдийн засгийн хөгжлийн дараагийн 10 жилийн хөгжилд нэн чухал гэж үзэж байгаа учраас мэдээллийн технологи эдийн засгийн жинхэнэ хүчирхэг хөдөлгүүр болно гэдэгт итгэдэг Та бүхний оролцоо, дэмжлэг бидэнд тун их хэрэгтэй байна. Бид чуулганд оролцох, илтгэх, хэлэлцэх мөн түүнчлэн мэдээллийн спонсороор хамтран ажиллах бүхий л байгууллага иргэдэд нээлттэй байгаа.
Та бүхэн бидэнтэй холбогдохыг хүсвэл 94012641, 90992299 дугаарууд болон дээр дурдсан бусад сувгуудаар холбогдох боломжтой.
Эцэст нь технологийн салбарыг “түйвээж” байгаа залуусын үгийг хамтдаа сонсож шинэ бодлогын эхлэлийг тавих арга хэмжээг сонирхон оролцохыг урьж байна.
Ярилцсан чуулганыг зохион байгуулах маркетингийн багийн ахлагч У.Ганзориг