Бидний дотнын анд, Цахим өртөө холбооны гишүүн Ганбатын СОЛОНГО нь 2020 оны 12-р сарын 21ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл найз нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Г.Солонго 1979 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрж, ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд 2001 онд МУИС-ийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Тэрээр монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн давтагдашгүй̆ өнгө төрх, орон зайг бий болгосон, нийгэмд нөлөөлөгч, авьяаслаг, бүтээлч сэтгүүлч байсан юм.
Уран бүтээл туурвихын зэрэгцээ Монголын өсвөр насны охид, хүүхдүүдийн хүмүүжил төлөвшил, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, тэдний манлайллыг дэмжих чиглэлээр олон төрлийн ажлыг санаачлан зохион байгуулсан шилдэг залуу манлайлагч байлаа.
Цахим өртөө холбооны хүндэт гишүүн Г. Солонго Цахим Өртөө Холбоог үүсгэн байгуулагдаж байхад анхны Олон Нийттэй харилбах албаны менежерээр ажиллаж өртөөний үйл ажиллагааг нийтэд хүргэхэд, дотоод нэгдэл нягтралыг бэхжүүлэхэд идэвхи санаачилга гарган зүтгэлтэй ажиллаж байсан. Тухайлбал Цахим Улаач сэтгүүлийн хэвлэмэл дугаарыг гаргах, "Монгол орны хөгжилд" уламжлалт чуулганы ажиллагаанд илтгэлээрээ оролцохоос гадна зохион байгуулах, мэргэжлийн үүднээс сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн түүнчлэн 2014-2016 оны хооронд Цахим өртөө холбооны ТУЗ-н гишүүнээр ажиллаж байхдаа гадаад болон дотоод үйл ажиллагаануудыг чадварлагаар зохион байгуулж сэтгэл зүрхээ зориулан ажилласан байдаг.
Бидний анд Г.Солонго аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, санаачлагатай, тууштай, элгэмсэг, нөхөрсөг, халуун дулаан сэтгэлтэй нэгэн байсан ба бид бүгдийн зүрх сэтгэлд тодоос тод гэрэлтэн үлдэх болно. Хөх тэнгэрийн орондоо амгалан нойрсох болтугай.
Өртөөний гишүүдээс ирсэн эмгэнэл, дурсамжийг нэгтгээд номын форматанд оруулав. https://online.fliphtml5.com/qtrvo/jkya/ - энд дарж цахим номтой танилцаарай!
ЦАХИМ ӨРТӨӨ ХОЛБОО ТББ